|
Тэтгэлэг /scholarship/ гэж юу вэ?
Scholarship гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэдэг үгнээс гаралтай. Тэр ч утгаараа оюуны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг. Харин манайхан тэтгэлэг гэдэг үгээр орлогогүй, ядуу хүнд өгдөг тусламж хэмээн ойлгох хандлага, сэтгэхүй бий. Тэтгэлэг нь маш олон төрөлтэй байдаг. Scholarship нь хичээлдээ сайн, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, бусдад үлгэр дууриал болж, манлайлж чаддаг оюутнуудыг сурахад дэмждэг. Харин Grant гэдэг нь эрдэмтэн, судлаачдад судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, төсөл хэрэгжүүлэхэд нь олгодог санхүүжилт юм. Ер нь бакалаврын сургалтад тэтгэлэг олох хэцүү. Учир нь бакалаврын сургалтаар нэлээд ерөнхий мэдлэг олгодог, олон оюутан суралцдаг, 4 жил үргэлжилдэг. Хэдхэн жилийн өмнө хаалттай, ядуу буурай Монгол орны оюутан гэдгээр нь бакалаврын сургалтад тэтгэлэг олгодог байсан бол одоо тийм биш болсон. Харин магистр, докторын түвшинд сурахад тэтгэлэг олдох илүү боломжтой. Учир нь тодорхой судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, мэргэшиж ирдэг бөгөөд 2 жил суралцдаг.
|