Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions
Австралид тэтгэлгээр сурах боломж PDF Print E-mail
There are no translations available.

Австрали улс нь англи хэлээр ярьдаг өндөр хөгжилтэй цөөн орнуудын нэг юм.

Хүн бүрт олдоод байдаггүй сургалтын тэтгэлгийг Монголчууд бидэнд Австралийн засгийн газраас олгож байгааг дуулгахад таатай байна. Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID /Австралын Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг/ -аар дамжуулан оюуны хөрөнгө оруулалтыг хийдэг. Монголчууд бид ADS /Australian development scholarship/ буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, АLA /Australian Leadership Awardas Fellowships/ Буюу Австралийн манлайлагчийн тэтгэлэг авах боломжтой.

ADS тэтгэлэг

Нэр бүхий буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болоход нь Австралид суралцах ADS тэтгэлэг тусалдаг. Тус тээтгэлгээр жил бүр дэлхийн 31 орны 1000 хүртэлх оюутнууд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцдаг бөгөөд хүсвэл тухайн оюутан алсын зайн сургалтын хэлбэрийг сонгож болдог.

Монголчуудын хувьд магистрын зэрэгт суралцахыг эн тэргүүнд тавьдаг. 2003 оноос эхлэн нэр бүхий төрийн байгууллагын 14 хүнд тэтэгэлэг олгож байсан бол, 2008 онд 19 хүнд, 2009 онд 24 хүнд тус тус олгосон байна. Харин 2010 оноос 28 хүнд олгох бөгөөд нэр бүхий яам болон харьяа агентлагийн 18 төрийн албан хаагчдад, төрийн бусад байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс нэр заасан салбарт суралцах 10 хүнд тэтгэлэлг олгох юм байна. Дашрамд дурьдахад энэ жилээс анх удаа зөвхөн төрийн албан хаагчид  бус хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажиллагсад энхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна.

Тэтэгэлэгт тавигдах гол шаардлга нь хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн байгууллагад 2-оос доошгүй жил тасралтгүй ажилласан, ажлын туршлагатай, бакалаврын зэрэг эзэмжсэн Австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагад 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх, IELTS-ын 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та Австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо /яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр наад зах нь 6.0/ хэрэгтэй.

Хэлний түвшингийн хувьд танд одоогоор Австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй /гэхдээ дор хаяж IELTS-ийн 5.0 байх/ боловч таны өргөдөл шалгарах юм бол танд 9 сарын англи хэлний курст Монголд үнэгүй сурах боломж олгоно. Есөн сарын дараа дахин  IELTS-ийн шалгалт өгч, Австралийн их дээд сургуулиудад ороход шаардагдах IELTS-ийн 6.5-аас дээш оноо авах хэрэгтэй.

Тэтгэлгийн хамгийн гол шалгуур нь үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Уг хөтөлбөр нь Австралид суралцах зорилго болон суралцах салбар, курсээ тодорхойлж Австралид тухайн курсэд суралцсанаар таны одоогийн хийж байгаа ажил байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ? Байгууллагын хөгжлийн зорилт, зорилгод яагаад нийцэж байгааг тайлбарласан эссе юм. Таны үйл ажиллагааны хөтөлбөрийг аль зэрэг хэмжигдэхүйц, биелэглэхүйц байна вэ, практикт хэр бодитойгоор нэвтрэх вэ? гэдгээр нь дүгнэдэг.

Ингээд хэрвээ таны өргөдөл шалгарвал англи хэлийг жилийн хугацаанд эрчимтэй сурч шаардагдах оноо авах ёстой. Гэхдээ Австрали руу явах эцсийн шалгаруулалт нь таны суралцах салбар, курс, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр шийдэгддэг учир анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж, суралцах курс салбараа зөв сонгон, үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн бичих хэрэгтэй. Тэтгэлгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF буюу Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Австралийн зорилтот хөтөлбөрийн газар /www.cabsaf.mn/ зохион байгуулж явуулдаг.

 

ALA тэтгэлэг.     

ADS тэтгэлэгтэй харьцуулахад маш өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлгийн зорилго нь бүс нутгын харилцаа хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлдэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг бөгөөд хүсэлт гаргагч нь наад зах нь бакалаврын зэрэгтэй байхыг шаарддаг. Өмнөх сургуулиа сайнаас дээш дүнтэй төгссөн бол сайн. Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй   /дор хаяж IELTS-ийн 6.5/ байх зэрэг шаардлага тавьдаг. Суралцах курсын хувьд бүх чиглэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд, олон улсын худалдаа, өвчин судлал /pandemics/, secutiry, цаг агаарын өөрчлөлт /climate change including clean energy/ чиглэлийг илүү дэмждэг. Шалгаруулалтын хувьд та Монголдоо бус харин Ази, Номхон далайн бусад орны хүмүүстэй өрсөлддөг. Өргөдлийг бичгээр болон интернетээр бөглөж болно. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно. Интернетээр бол и-мэйлээр илгээхээс гадна www.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар бөглөж болно.

Эцэст нь хэлэхэд Монгол улсын иргэн төдийгүй, Австрали улсын иргэд ч тэтгэлэг олоод өндөр төлбөртэй топ сургуулиудад суралцах нь туйлын их аз завшаан юм. Харин Монгол хүн танд Австралийн Засгийн газар боломж олгож байна. Сургалтын төлбөр жилд дунджаар 18000 австрали доллар, дээр нь амьдрах өртөг сард дунджаар 1400 австрали доллар, эрүүл мэндийн даатгал, Монголоос ирж очих зардал гээд тоолж баршгүй их мөнгийг та Монголд ч, гадаадад ч яаж ч хөдөлмөрлөөд олохгүй. Энэ боломжийг та заавал ашиглах хэрэгтэй.

  

 

logo footer   Powered by Bill - All Rights Reserved